Wednesday, October 27, 2010

Политайнмент буюу цэнгээнт улс төр


"Саяхан Ц.Болд багшийн блогийг унших явцад "улс төр сонирхолтой сэдэв биш больж, улс төрийг сонирхолтойгоор үзүүлэхээ байчихсан, улс төр сонирхол татахуйц өрнөхөө байгаад мөлгөр хөшүүн, магтаал суртаал л гарах болсон энэ зурвасхан үед" хэмээх мөрүүд анхаарал татаж энэ талаар бичсэн өгүүллээ блогтоо тавимаар санагдлаа.

Орчин үеийн улс төрийн коммуникаци сэтгэл зүй, коммуникаци, сэтгүүл зүй, менежмент, маркетинг зэрэг олон шинжлэх ухааны ололтуудыг хэрэглэх болсноор хэрэглэгчид буюу сонгогчдын хэрэгцээ сонирхолд нийцүүлэх чиглэлээр хөгжиж шинэ технологи, хандлагуудыг хэрэглэх боллоо. Дэлхийн улс орнуудын улс төрийн коммуникацийн нэгэн шинэ хэв маяг бол улс төрийн талаарх мэдээлэл, сонгуулийн кампанийн сурталчилгаанд цэнгээнт өнгө аяс, урлаг, уран сайхан хүч түрэн орж ирж буй явдал юм. Судлаачид энэ үзэгдлийг “политайнмент” (рolitics+еntertainment=politainment) буюу “улс төр+зугаа цэнгээн=цэнгээнт улс төр” (Doerner, Ludgera, 2003) гэж нэрлэдэг.
Улс төрчид сонгуулийн кампанидаа урлаг, спортын бүх төрлийн авьяас чадвар, бусдаас ялгарах содон шинж, өвөрмөц хобби, хошин шогийн мэдрэмжээ ашиглаж имиж бүрдүүлэх явдал Өрнөдийн улсуудад түгээмэл байна. Цэнгээнт улс төрийг сонгуулийн кампанид хэрэглэх нь АНУ-аас улбаатай юм. Сонгуулийн кампанидаа урлаг, уран сайхныг анх удаа амжилттай хэрэглэсэн улс төрч бол Холливудын кино од асан Р.Рейган байв. Тэрбээр сонгогчидтой хийх уулзалтын үеэр улс төрийн хошигнол, уран илтгэл гэх мэтээр жүжигчний авьяасаа ашиглаж сурталчилгаа хийж байжээ.
АНУ-ын 1992 оны ерөнхийлөгчийн сонгуулийн кампанийн үеэр Б.Клинтоны Larry King Live, Аrsenio Hall Show зэрэг нэвтрүүлэгт оролцохдоо саксофон хөгжим тоглох, хошин шог юм ярих гэх мэтээр үзэгчдэд өөрийгөө сайн илэрхийлж чадсан нь сонгуулийн ялалтанд нөлөөлснийг судлаачид тэмдэглэсэн байдаг. (Tenscher, Christian 2002.
Харин Германд цэнгээнт улс төрийн үйл явц 1998 оны Бундестагийн сонгуулийн кампаниас буюу Социал-демократ нам ялалт байгуулсан үеэс нэвтэрсэн байна. (Sarcinelli, Tenscher 2003)
Сонгуулийн кампанийн үеэрх телевиз, радио, сонины сурталчилгаанд улс төрчдийг хошин өнгө аясаар үзүүлэх, шог зураг буюу карикатур хэрэглэх явдал Өрнөдийн улсуудад түгээмэл байна. Ялангуяа сөрөг сурталчилгааны үед өрсөлдөгчдийг шогчлон харуулсан зураг, плакат, бэлгэ дурсгалын зүйлс илүүтэй хэрэглэгддэг юм.
Урлаг, зугаа цэнгээн улс төрд газар авах болсонд хэд хэдэн шалтгаан байгаа юм. Үүнд юуны өмнө 1980-аад оноос Өрнөдийн нийгэм дэх хэвлэл мэдээлэлд гарсан “Зугаа цэнгээний тэсрэлт”-ийг (Doerner, Ludgera, 2003) дурьдах нь зүйтэй юм. Өрнөдөд хийгдсэн цуврал судалгаануудаас үзэхэд жил ирэх тутам хүмүүс ном унших нь цөөрч, нийгэм улс төрийн асуудал хөндсөн удаан цагаар үргэлжлэх нэвтрүүлгийг үзэх нь багасч, аль болох хөнгөн, шуурхай, хурц жанр бүхий мэдээлэл нэвтрүүлэгт татагдах болсон байна. Тийм учраас ихэнх мэдээллийн хэрэгслүүд нэвтрүүлгийн агуулгын бодлогодоо өөрчлөлт оруулж зугаа цэнгээнт маягийн элементүүдийг түлхүү нэвтрүүлэх болжээ. Хэвлэл мэдээллийн нийтлэл, нэвтрүүлгийн бодлогод гарсан энэхүү өөрчлөлтийг судлаачид “зугаа цэнгээний тэсрэлт” гэж нэрлэсэн байна. Улс орны тулгамдсан асуудлын талаарх мэдээллийн хөтөлбөрүүд хүртэл цэнгээнт нэвтрүүлгийн шинжтэй болсон тул инфотайнмент (information+entertainment=infotainment) буюу мэдээлэл+зугаа цэнгээн=цэнгээнт мэдээлэл гэж нэрлэгдэх болсон билээ. (Tenscher, Christian 2002)
Улс төрд урлаг, уран сайхан газар авах болсны дараагийн нэг шалтгаан бол улс төрөөс хүнийсэх явдал юм. Судлаач Л.Даррен “Улс төрчдөд итгэл алдарсан үед нийгэм дэх нэр хүнд бүхий урлагийн болон бусад алдар нэртэй хүмүүст итгэх хандлага газар авдаг” (Darren 2006) хэмээн бичсэн байдаг. Өмнөх хэсэгт дурьдсанаар Өрнөдийн улсуудад 1980-аад оноос эхэлсэн улс төрийн намуудын тогтвортой дэмжигчид буурч улс төрөөс хүнийсэх явдал нь мөн тэр хэмжээгээр улс төрийн нэвтрүүлэг, мэдээллийн үзэгч, сонсогчдын тоог бууруулсан байна. Үүний улмаас телевиз, сонингууд үзэгч, уншигчдаа тогтоон барихын тулд тэднийг татах сонирхолтой арга бодож олсон нь улс төр ба цэнгээнт нэвтрүүлгийн өнгө аясыг хослуулсан улс төрийн нэвтрүүлэг, ток шоу -нууд юм. Улмаар хүмүүс төдий л сонирхдоггүй улс төрийн асуудлуудыг хөнгөн хэлбэрээр олон нийтэд хүргэх арга хэрэгсэл нь цэнгээнт өнгө аяс бүхий ярилцлагын төрлийн нэвтрүүлгүүд болж хувирсан байна.
Улс төрчдийн хувьд ч гэсэн намын үзэл суртал, улс төрийн бодлогын төвөгтэй асуудлуудыг олон нийтэд таниулахын тулд цэнгээнт өнгө аясаар нэвтрүүлэгт оролцох, зориудаар хийлгэх болсон ажээ. Тийм учраас өдгөө АНУ, Герман зэрэг Өрнөдийн орнуудын телевизэд хамгийн үзэгч олонтой нэвтрүүлгийн тоонд улс төрийн ток шоу зүй ёсоор ордог байна. Томоохон телевизүүдийн гол брэнд болсон нэвтрүүлгүүд нь ток шоу байдгаас энд CNN-ийн Larry King Live, Германы ZDF телевизийн Maybritt Illner зэргийг дурьдаж болох юм. Эдгээр нэвтрүүлгүүд хэн ч үзсэн уйдахааргүй цэнгээнт нэвтрүүлгийн өнгө аястай байдаг учраас үзэгчид ихтэй юм. Тийм учраас нэр дэвшигчдийн хувьд иймэрхүү ток шоуд оролцох нь нэгэн зэрэг олон сонгогчдод хүрэх, байр сууриа илэрхийлэх чухал суваг болдог байна.
Ток шоу ямагт тухайн цаг үеийн хамгийн тулгамдсан асуудлыг хөнддөг. Тиймээс зөвхөн сонгуулийн кампанийн үед төдийгүй сонгуулийн бус цаг үед ч улс төрийн намуудын олонд үгээ хүргэх, имиж бүрдүүлэх гол арга нь болдог байна. АНУ ба Европын орнуудад улс төрийн бодлого, сонгуулийн кампанийн үе дэх ток шоуны үүрэг нөлөөний талаарх судалгаа ихээхэн хийгдэж байна. Эдгээр судалгааны дүнгээс үзэхэд телевизийг улс төрийн кампанидаа амжилттай ашиглаж чадсан улс төрийн нам, улс төрчид сонгуульд амжилт гаргадаг ажээ. Ток шоуд амжилттай оролцож үзэгчдээс ихээхэн үнэлэлт авдаг улс төрчдийн тоонд АНУ-ын 42 дахь ерөнхийлөгч Б.Клинтон, Их Британийн Ерөнхий сайд асан Т.Блейр, ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд асан Ж.Фишер нарыг зүй ёсоор оруулдаг юм.
Өрнөдийн улсуудын сонгуулийн кампанийн коммуникацид газар авч буй урлаг, зугаа цэнгээний хүчин зүйлс Монголд ч мөн ажиглагдаж байна. Гэхдээ Өрнөдийн улсуудаас ялгаатай нь улс төрчид уран илтгэл, жүжиглэх чадвараараа олныг татах гэхээс илүүтэйгээр урлагийнхнаар өөрсдийн сурталчилгаа хийлгэж байна. 2008 оны УИХ-ын сонгуулиас өмнө нэр дэвшигчид сонгогчидтой хийх уулзалт, нийтийг хамарсан арга хэмжээнд дуучид, жүжигчдийг оролцуулан урлагийн тоглолт хийх нь түгээмэл байсан юм. Ийнхүү улс төрийн намууд, нэр дэвшигчид сонгогчдыг мөрийн хөтөлбөр, асуудлыг шийдэх чадвараар татахын оронд “улс төрийн бус” хүчин зүйлсийг ашиглаж байгааг арилгахын тулд 2005 онд УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 37.11.13-д сонгуулийн сурталчилгаанд “биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт, төлбөрт таавар, бооцоот болон мөрийтэй тоглоом зохион байгуулахыг” хориглосон нэмэлтийг оруулсан билээ.
Ийнхүү сонгуулийн кампани дахь “улс төрийн бус” хүчин зүйлсийг хориглох ородлого байгаа ч жил жилийн сонгуулиар урлаг, спортын алдартнууд нэр дэвшигчдийн сурталчилгаанд чухал байр суурь эзэлсээр байна. Дээр өгүүлсэн судлаач Л.Даррены “Улс төрчдөд итгэл алдарсан үед нийгэм дэх нэр хүнд бүхий урлагийн болон бусад алдар нэртэй хүмүүст итгэх хандлага газар авдаг” хэмээх зүй тогтол Монголын улс төрд илэрч байна. Тухайлбал, 2004 оны УИХ-ын сонгуулиас хойш МАХН сонгуулийн сурталчилгаандаа нэртэй дуучдыг оролцуулан эх орон, нутаг усны тухай дуу зохиолгож хэрэглэх болсон юм. Мөн ИЗН энэ жишгээр өөрийн намын гол уриаг “Бид сайн цагийг авчирна” хэмээх дуу болгон 2008 оны сонгуулийн кампанид хэрэглэсэн. Харин АН-ын хувьд 1990 оны ардчилсан хувьсгалын сүлд дуу болох “Хонхны дуу”–г бүхий л сурталчилгаа, уулзалт, арга хэмжээнүүддээ ашигладаг билээ.
Урлаг, спортын нэртэй зүтгэлтнүүд, гавьяатуудаар өөрийгөө дэмжүүлэх, сонин болон телевизийн сурталчилгаанд эдгээр хүмүүстэй хийсэн ярилцлага, санаа бодлыг нийтэлж, нэвтрүүлэх нь бүх л нэр дэвшигчдийн сонгуулийн кампанид ажиглагдаж байна. Улс төрчид урлагийнхнаар сурталчилгаа хийлгэхээс гадна өөрсдөө дуу дуулж клип хийлгэх, дуучдын клипэнд тоглох явдал нэлээд байна. Үүнд, 2005 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихдээ М.Энхсайхан дуу дуулж клип хийлгэсэн, Н.Энхбаяр дуучин Т.Ариунаагийн “Хүүхдийн төлөө за гэж хэлье” дууны клипэнд тоглосон зэргийг дурьдаж болох юм. Нэр дэвшигчид ууланд авирах, спортын тэмцээнд оролцох гэх мэт зугаа цэнгээний арга хэрэгслээр сурталчилгаа явуулах түгээмэл болж байна. 2009 оны ерөнхийлөгчийн сонгуульд урлагийнхнаар сурталчилгаагаа хийлгэх явдал мөн л давтагдсан. Ялангуяа МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаярын хувьд урлаг, спортын бүхий л алдартнуудыг сонгуулийн сурталчилгаандаа дайчлан оролцуулж байлаа.
Нэр дэвшигч Н.Энхбаярын сонгуулийн сурталчилгааны хаалтыг ТВ 9 телевиз шууд дамжуулан үзүүлсэн бөгөөд энэхүү арга хэмжээнд урлаг, спортын зүтгэлтнүүд өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцсон билээ. Эх сурвалж: http://ajiglagch.wordpress.com/
Өрнөдийн политайнмент Монголын сонгуулийн кампанид илэрч буй дараагийн нэг хэлбэр нь улс төрийн ток шоу юм. Сонгуулийн кампанийн үеэр улс төрийн намууд болон нэр дэвшигчдийн телевизийн сурталчилгааны гол хэрэгсэл нь ток шоу болсон нь 2008 оны УИХ-ын сонгуулийн кампаниас харагдаж байлаа. Албаны уур амьсгал, нэг хэв загварт баригдахгүйгээр харьцангуй чөлөөтэйгээр сонгогчдод өөрсдийгөө таниулах боломжийг олгодог улс төрийн нэвтрүүлэгт оролцох нь имиж бүрдүүлэх нэгэн чухал суваг болдгийг манай улс төрчид нэгэнт ойлгож ихээхэн хөрөнгө хүч хаях болсон байна. “Өнөөдрийн зочин”, “Нээлттэй хүн”, “Зочны цаг” гэх мэт уламжлалт хэлэлцүүлэг маягийн ярилцлагын зэрэгцээ “Танайд хоноё”, “Амны хишиг”, “Болзоо” гэх мэт нэвтрүүлгийн бүтэц, уур амьсгал илүү чөлөөтэй, цэнгээнт маягийн элемент агуулсан ярилцлагын нэвтрүүлгүүд улс төрчдийн имиж бүрдүүлэх чухал болсон юм.
Нөгөө талаас үзэгчдийн хүрээ өргөнтэй улс төрийн ток шоу хийх нь тухайн телевизэд санхүүгийн ихээхэн ашиг авчирдгийг сэтгүүлчид ч мэдэрч эхэлж байна. УИХ-ын сонгуулийн кампани болон орон нутгийн сонгуулийн кампанийн үеэр нэр дэвшигчид эдгээр нэвтрүүлгүүдэд оролцохын тулд 500 мянгаас 2 сая хүртэл төлбөр төлж байв. Гэхдээ ток шоуг сурталчилгаанд ашиглах байдал нийслэл Улаанбаатарын тойргуудад түгээмэл байснаас бус хөдөө орон нутагт айл өрхөөр ухуулга хийх, сурталчилгааны хэвлэмэл материал тараах, сонгогчидтой уулзалт хийх зэрэг уламжлалт аргууд хүчтэй байсан билээ.
Хот, хөдөөгийн хэвлэл мэдээллийн хүртээмж, дэд бүтэц, улс төрийн соёлын хэв маягийн ялгаанаас шалтгаалан сонгуулийн кампани дахь цэнгээнт улс төрийн үүрэг харилцан адилгүй байгаа ч ерөнхий хандлагын хувьд цаашид өсөн нэмэгдэх шинжтэй байна. Сүүлийн үед урлаг, зугаа цэнгээний хүчин зүйл зөвхөн сонгуулийн үед төдийгүй, сонгуулийн бус цагт ч улс төрчдийн имижийг бүрдүүлэх нэгэн хэрэгсэл болсон нь ажиглагдаж байна. Цагаан сарын тэмдэглэлт өдрүүдээр УИХ-ын гишүүдийн дуулсан дууны клипүүд телевизээр нэвтэрч олон түмний сонирхлыг татах болов. Улс төрчийн хувьд олон нийтэд төдийлөн танигдаагүй байсан ч улс төрч энэ мэтээр урлаг, уран сайхны чадвараар сонгогчдод таалагдах боломжтой боллоо.

Ном зүй

УИХ-ын сонгуулийн тухай хууль. 2005.

Doerner Andreas. Ludgera Vogt. (2003) Wahlkampf im Unterhaltungsformat. Systematische Ueberlegungen und aktuelle Beobachtungen anlaesschich der Bundestagswahl 2002. In:Ulrich Sarcinelli. Machtdarstellung und Darstellungsmacht.Baden-Baden.

Tenscher Jens / Christian Schiha. (2002) Talk auf allen Kanalen. Angebote, Akteure und Nutzer von Fernsehgespraechssendungen. Westdeutscher Verlag.

Ulrich Sarcinelli/ Jens Tenscher. (2003) Machtdarstellung und Darstellungsmacht. Beitraege zu Theorie und Praxis moderner Politikvermittlung. Nomos Verlagsgesellschaft, Baden-Baden.

Darren G. Lilleker. (2006) Key Concepts in Political Communication. Sage Publications, London.

Улс төрийн боловсролын академийн Шинэ толь сэтгүүл. 2009. № 66.