Wednesday, November 3, 2010

nana mouskouri - amazing grace

Иргэншлийн ухралт хийгээд Бутан, Турк, Киргиз, Монгол...



Дэлхий ертөнц бүхэлдээ өөрчлөгдөж байна. Түүхийн өмнөх үеүдэд олон улсын харилцаанд онцгой үүрэг гүйцэтгэж байсан төрт улс, тусгаар тогтнол буюу сувернитет, газар нутаг, хил хязгаар гэх мэт нь өдгөө утга учраа алдах боллоо. Улс гэдэг бол тодорхой хил хязгаарын дотор оршин суугч хүн амын зохион байгуулалтын нэгдэл гэж үздэг уламжлалт тодорхойлолт үеэ өнгөрөөв. Харин бие даасан улс гүрнийг соёлын нийтлэг гэсэн утгаар авч үзэх болов. Олон улсын худалдаа эрчимтэй либеральчлагдаж, ахар богино хугацаанд шинэ шинэ зах зээлүүд үүсэн бий болж, энэ үйл явцад улс орнууд хүчтэй татагдах боллоо. Дэлхийн улс гүрнүүд улам бүр ойртож даяарчлагдаж байна. Гэтэл даяарчлал хүрээгээ тэлэхийн хэрээр дэлхийн өнцөг булан бүрт тусгаар үндэстэн, бүс нутгийн өөрийн соёл, зан заншил, шашнаа хадгалах гэсэн эсэргүүцэл гэмээр эрмэлзлүүд гарах болов. Энэ нь нэг ёсондоо тухайн соёл иргэншлийг ирээдүйд авч үлдэх гэсэн жам ёсны эрмэлзлийг илэрхийлж байгаа хэдий ч нөгөө талаас хөгжил дэвшлээс татгалзсан, хоцрогдсон дэг жаягийг сэргээх гэсэн оролдлого болж харин ч оршин тогтнолдоо сөрөг үр дагаврыг авчирч байна уу гэлтэй.
Энд юуны өмнө Туркийг жишээ татмаар байна. Дэлхийд бүс нутгийн интеграцийн эхийг тавьсан, гишүүн улс бүхэндээ хөгжлийн болон аюулгүй байдлын баталгаа өгсөн Европын холбоонд элсэх нь энэ тивдээ хамгийн буурай хөгжилтэйд тооцогдох Туркийн хувьд алдаж болохгүй боломж юм. Турк олон жилийн турш Европын холбоонд элсэхээр эрмэлзэж ирсэн боловч үндэстний цөөнхийн асуудал, газар нутгийн байршил, эрх зүйн хатуу тогтолцоо гэх мэтээсээ болж Холбоонд гишүүнээр элсч чадахгүй өдийг хүрсэн юм. Туркийн төр засаг тус улсаас салан тусгаарлахыг олон зууны турш оролдож ирсэн курдүүдийн асуудлыг хүч хэрэглэн шийдэж ирснээс болж Өрнөдийн улсуудаас байнга шүүмжлэл хүлээж байсан юм. Мөн Туркийн газар нутгийн 90 % нь Азид хамаарагддаг тул Европын холбоо эхний үед газар нутгийн байршлын хувьд Европын улс гэж үзэх боломжгүй хэмээдэг байв. Эдгээрээс гадна Туркийн эрүүгийн хуулинд цаазаар авах ялыг байлгасаар байгаа нь энэ ялаас нийтээр татгалзсан Европын эрх зүйн тогтолцоонд нийцдэггүй юм. Харин сүүлийн жилүүдэд Турк дээрх бэрхшээлүүдээ бага сагаар шийдвэрлэж, курдүүдийн удирдагч Абдулла Ожаланд цаазаар авах ял зааснаа өнөөг хүртэл гүйцэлдүүлэхгүй түдгэлзэх гэх мэтээр Өрнөдөд буулт хийх болсноор энэ улсыг гишүүнээр элсүүлэх цаг ойртсон тухай Брюсель, Лондонд яриа хэлэлцээр дуулдах болж олон жилийн хүлээлтэнд итгэл найдвар гэрэлтэж байна.
Гэтэл өнгөрсөн жилийн Туркийн засгийн газрын зарим нэг арга хэмжээ болон нийт улс даяарх иргэншлийн үйл явц нь Европын холбоонд элсэх найдварыг бүдгэрүүлэх болсныг Өрнөдийн хэвлэлүүд дурьдах болов. Тухайлбал, Германы Spiegel-д бичсэнээр өнөөгийн Туркийг үндэслэгч дэлхийн соёл иргэншил рүү улс орноо оруулсан Ата Туркийн хийсэн эрс шинэчлэл өдгөө талаар болж шашны бурангуй ёс руу эргээд энэ улс ухарч байгаа ажээ. Ерөнхий сайд Таип Эрдоганы хатуу чиг баримжаатай консерватист засгийн газрын хийж буй алхмууд нь барууны ертөнцөөс Туркийг улам бүр холдуулах боллоо. Чухамдаа Европын холбооны Туркээс болгоомжилдог гол шалтгаан бол лалын тулгуур үзэл билээ.Мусульман шашны баяр болох Рамадан сарын үеэр олон нийтийн газар, албан газар, сургуулиудад эмэгтэйчүүд алчуур зүүхгүй явах, богино банзал өмсөхийг хориглосон тогтоолыг засгийн газраас гаргасан байна. Мөн Туркийн боловсролын яамнаас дунд сургуулийн сурах бичигт агуулгын хяналт хийж мусульманы сургаальд харш заалт, үгсийг хасах шийдвэр гаргав. Тухайлбал, 1830 оны Францын долоон сарын хувьсгалын тухай түүхийн сурах бичигт “Эрх чөлөө ард түмнийг удирддаг” гэсэн дүгнэлт байсныг хасчээ. Энэ мэтээрх илт тулгуур үзэлт алхмууд нь ХХ зууны эхэнд шашны бурангуй ёс, овгийн байгуулал бүхий Туркийг хүчээр өөрчлөн өнөөгийн өндөрлөгт хүрэх замыг нээсэн Ата Туркийн хувьсгалтай харьцуулахад ухралт юм. Ата Турк шашны дэг жаягийг төр, нийгмийн амьдралаас салгаж, эрэгтэй эмэгтэйчүүдэд ажиллаж амьдрах тэгш боломж олгож анх удаа лалын ертөнцөд эмэгтэйчүүдийн гивлүүрийг авч хаяснаараа лалын ертөнцөд хувьсгал хийсэн юм.
Европын холбооны саяхны мэдэгдэлд Туркийн засгийн газрын байр суурь тус улсыг гишүүнээр элсүүлэх талаарх яриа хэлэлцээг төвөгтэй болгож байна гэжээ.
Туркийн сөрөг хүчний зарим улс төрчид Рамадан сарын баярын үеэрх олон нийтийн зан үйлийг зохицуулсан дээрх арга хэмжээ нь цаашдаа зөвхөн баяраар тогтохгүй байнгын хэм хэмжээ болж үлдэх вий гэж болгоомжилж байгаа аж. Мөн сэхээтнүүд болон нийгмийн элит хэсэг засгийн газрын тэргүүн Таип Эрдоганы бодлого нь Туркийг хоёр дахь Иран болгох вий гэдгээс ихээхэн айж байгаа юм. Хүн амын үлэмж хэсэг нь дундаас доогуур орлоготой, боловсрол багатайд тооцогддог тул аливаа туйлширсан үзэл суртал, уламжлалын хоцрогдсон хэв маягаа хадгалах нийгмийн өргөн давхарга Туркт байгаа гэж үзэн Өрнөдийнхөн Таип Эрдоганы бодлогыг шүүмжилж байгаа юм.
Асуудал гол нь эмэгтэйчүүд гивлүүр зүүх эсэхэд байгаа юм биш, соёлт хүн төрөлхтний амьдралын хэв маягаас зай барьж, хоцрогдсон ёс жаягийг сэргээж ухралт хийж байгаа үндсэрхэх, шашны тулгуур үзэл дахин сэргэсэнд байгаа юм. Монголын хувьд Туркээс соёл, уламжлалын хувьд асар их ялгаатай бөгөөд тэр хэрээр даяарчлалд хэрхэн хөл нийлэх нь мөн л өөр замаар явах нь ойлгомжтой. Гэхдээ өнөөгийн Монголд өрнөж буй өнгөрсөн рүүгээ эргэж ухарсан зарим нэг үйл явц нь Турктэй адил байгаа тул энд зориуд дээрх асуудлыг авч үзлээ.
Аливаа соёл өөртөө “цус сэлбэж” байж л он удаан жил оршин тогтнох боломжтой байдаг. Харин бусдаас өөрийгөө хааж, шинэ уур амьсгалаас таслагдсанаараа сөнөж мөхдөгийг хүн төрөлхтний түүх харуулж байна. Хятадад 400 жил ноёрхсон Чин улсыг байгуулсан манж нар мөхөж алга болсон нь тус улсын хаадын явуулж байсан гадаад дахин, тэр дундаа Европын улсуудтай харилцахгүй байх түгжигдмэл бодлогын алдаа байсан юм. Гэтэл Чин улсын оршин тогтнолын гол аюул нь гаднаас бус, дотроосоо байсныг хожмын түүхчид дурьдсан байдаг.
Энд мөн Японыг дурьдах ёстой. 200 жил гадаад ертөнцөөс хаалттай байсан Японыг нээсэн Мэйжийн эрин эхлээгүй бол энэ улс өдгөө ямар байх байсан бол? Мейжийн үед япончууд улс орноо хөгжлийн замд оруулахын тулд өмнөх үеийн төрийн уламжлалаар бус, гаднаас, тухайлбал Пруссийн төрийн тогтолцооны загвараар төрт улсаа өөрчилсөн түүхтэй. Энэ нь алдаа бус, харин ч асар том дэвшил байсныг өнөөгийн Японы хөгжлөөс харж болно.
“Тос дотроосоо хөгцөрдөг” гэсэн үг бий. Дэлхий дээрх Буддизмын гол нүүр царай болсон (тусгаар улс гэдгээрээ Төвдөөс ялгаатай), хэдийнээс гадаад ертөнцөд хаалттай Бутан уулын мухар дахь бөглүү, тасархай иргэншлээ хэзээ ч өөрчлөхгүй нь тодорхой болов. Хэдэн зууны өмнөх овгийн байгуулал, уламжлалт шашнаа тэр чигээр нь хадгалан ирсэн ирсэн бутанчууд “Усанд орвол буян арилчихна” хэмээн сүсэглэдэг байна. Ёстой л “хөмөрсөн тогооны доторх шиг” энэ улсад сурвалжлага хийсэн манай нэгэн нэртэй сэтгүүлч “Энд л амар жимир санаа зовох зүйлгүй амьдрал байна” гэж дуу алдаж байх юм. Үүнийг юу гэж ойлгох вэ? Гадаад ертөнц, хөгжил дэвшлийг мэдэхгүй учраас харанхуй бүдүүлэг, хоцрогдсон аж амьдралдаа сэтгэл хангалуун байх нь үнэхээр амар тайван амьдрал гэж үү?
Гэтэл Буддын шашинт орнуудаас ганцаархнаа өнөөдөр дэлхийд Азийн бар хэмээн нэр нь сайнаар дуулдаж яваа Тайланд шашнаа хадгалж ирсэн, тэр байтугай асар эрх мэдэл бүхий хаант засгаа ч хадгалж үлдсэн хэдий ч ихээхэн “модернжиж”, дэлхий дахинд нээлттэй байж чадсанаараа Зүүн өмнөд Азийн худалдаа, олон улсын харилцааны томоохон төв болж чадсан байдаг. Хөгжилд саад болох хоцрогдсон ёс, хаалттай байдлаасаа салж чадсан нь Тайландын хөгжлийн нэг нууц гэдэг.
Харин дэлхийн зарим улс орнуудад Туркийн адил ухралт хийж буй үйл явц ажиглагдаж байна. 1990-ээд оны дарангуйлагч дэглэмийг унагасан түүхэн үйл явц нь хуучны коммунист системийн бүх л оронд үндэсний үзэл, уламжлалын эрс сэргэлтийг авчирсан. Гэхдээ Польш, Унгар, Чех гэх мэт хэдхэн улсыг эс тооцвол үндэсний үзэл, уламжлалын сэргэлт ихэнх оронд нийгэм, улс төр, соёлын ухралтыг бий болгожээ. Тухайлбал хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байх үед Киргизэд эмэгтэйчүүдийг богтлох, эр нөхөр нь нас барсны дараа эхнэрийг нь нөхрийн талын хэн нэгэн эрэгтэйд өгөх зэрэг хуучны харгис заншил үндсэндээ халагдсан байлаа. Гэтэл ЗХУ задарч Киргиз бие даасан улсын замаар явах болсноос хойш хүн амын дунд дээрх хоцрогдсон ёс жаягийг сэргэх болсон байна. Киргизийн “Human Rights” байгууллагын судалгаагаар зөвхөн 2005 онд гэхэд л 3600 эмэгтэй хулгайлагдан хүчээр богтлогдсон байна. Мөн санал асуулгаар хүмүүсийн 57 хувь нь богтлох, бэлбэсэн эхнэрийг нөхрийн талынхад өгөх гэх мэт хуучны ёс заншил байх нь зөв гэж үзсэн байна. Киргизийн хамгийн хаалттай бүс нутаг болох Ош мужид нийт гэрлэгсдийн 23 хувь нь богтлох аргаар хуримласан байх жишээтэй.
Манайхан арай ч Бутан шиг усанд орвол буян арилчихна гэхгүй байгаа хэдий ч өнөөг хүртэл бүтээсэн дэвшил, хүрсэн ололтоосоо татгалзах алхмуудыг олонтаа хийх болсон нь иргэншлийн хувьд эмгэнэл болж байна. Шилжилтийн эхэн үеийн их дүйвээнээр хамгийн амжилт олсон бизнес нь мэргэ төлгө байв. Нэгэн үед ерөнхийлөгч хүртэл дэргэдээ албан ёсны үзмэрчтэй болж, өнөөх нь харь гаригийнхантай уулзан, энд тэндэх орд газруудыг нээн илрүүлнэ хэмээн их л мандсан сан. Харин яваандаа энэ нь явуургуй зальхай оролдлого байсан нь илэрч төгсгөл болсон билээ. Мөн гал гаргадаг Өнөрмаа, алтан цөгцний хэрэг гэх мэт олон луйварчид удаа тодорч байв. Гэвч монголчууд өнөөг хүртэл хаширсангүй, мэргэч төлөгчдийг шүтсээр. Олон нийтийн зан үйлд нөлөөлөгч гол суваг болох мэдээллийн хэрэгслүүд маань зурхай гэсэн хаанаас гаргасан, хэн мэргэлсэн нь тодорхойгүй “үлгэрт” зай талбай, нэвтрүүлгийн цагаа ёс юм шиг зориулах юм. “Зурхайчид” маань ч цаг үеэ даган их хувьсч, салбар бүрээр мэргэших болжээ. “Энэ өдөр банкнаас зээл авах, наймаа арилжаа хийхэд муу ” ч гэх шиг. Зах зээлийн бодлого, зээлийн хүү, мөнгөний ханшийн өөрчлөлтийг Монгол банкныхнаас илүүтэй сайн мэдэж байна шүү. Тэгвэл ер нь сангийн яам, Монгол банк гэх мэт нүсэр бүтэцтэй үргүй байгууллагуудыг татан буулгаж хэдэн сайн зурхайчдыг тавибал яасан юм гэж бодогдох юм.
Улс төрчид ч мөн зурхайчидтай тулж ажиллах боллоо. УИХ-ын 2004 оны сонгуулийн 62-р тойрогт нэр дэвшигч нэг нөхөр “Энэ өдөр ... жилтэй хүнийг төрийн албанд сонговол өлзийтэй” гэсэн зурхай бүхий сонин тарааж өөрийгөө ухуулж явсан удаатай.Үүнийг үндэсний уламжлалт шашин шүтлэг энэ цагт дахин сэргэсэн дэвшил гэх үү, эсвэл Монголын нийгэм дэх парадокс (гажиг) гэх үү? Сонгогчид яахав, тэр болгон нэр дэвшигчийн жил усыг сонирхоод явахгүй, гэхдээ л зурхайд нэлээд хувь нь итгэдэг. Үүнийг нь бохир улс төрчид, мөнгө олох гэсэн хүмүүс ашиглаад байгаа нь харамсмаар.
Төрийн алба шашны дэг жаягтай ихээхэн холбогдох боллоо. Саяхныг хүртэл ердийн нэгэн уул, довцог байсан газруудыг хэн нэгэн ламтан тахин, хадаг яндар тавиад “ариун дагшин” хэмээн нэрийдэж эмэгтэй хүн гарахыг хориглох болов.Энэ нь Турк дахь эмэгтэйчүүдийг богино банзал өмсөхийг хориглосон хуультай агаар нэг юм. Удахгүй бид “УИХ-ын намрын чуулганыг ... сарын тэдний Балжинням, Бат-Эрдэнэтэй давхцсан өлзийт сайн өдөр эхлүүлэхээр тогтжээ” гэсэн мэдээг сонсох вий. УИХ-ын гишүүд, овоо тахих гэх мэт шашны янз бүрийн зан үйлд олонтаа оролцох болов. Уул, усыг тахих нь нэг талаас газар, байгаль орчноо хамгаалах зан үйлийн хэлбэр гэдгээрээ сайн талтай ч, нөгөө талаас эдгээр тахилга, ёс жаяг нь дээр дурьдсанаар эмэгтэйчүүдийн эрхийг хаан боогдуулах гэх мэт хоцрогдсон заншлыг эдүгээ сэргээх болсон нь соёл иргэншлийн хувьд ухралт болж байна.
Даяарчлал манайд нэвтрэхийн хэрээр үүнийг сөрсөн хандлагууд илэрч байна. Улс төрчид, яруу найрагчид “Монгол бол дэлхийд хосгүй үндэстэн”,”Монголчууд хэзээнээс ухаантай”,”Дэлхийн талыг эзэгнэж явсан их гүрэн” гэх мэтээр хүмүүсийн цөсийг хөөргөх юм. Гэтэл бид зөвхөн өнгөрсөн үеийн эдгээр дурсамжуудад түшиглэн ирээдүйн Монголыг бүтээж чадах уу? Судлаач Д. Баярхүү “Даяаршихын тулд “монгол онцлог”,”монгол ухаан”,”миний Монгол”, “хөх толбо” гэхчлэнгээсээ бага ч болов татгалзах хэрэгтэй гэснийг энд зориуд дурьдмаар байна. Түүний санал дээр нэмээд Монгол улс ардчилагдахын тулд зарим нэг уламжлал, шашны дэг жаяг, үндсэрхэх үзлээсээ татгалзах ёстой гэж хэлмээр байна.
Даяарчлал, интеграцийн нөхцөлд улс гүрнүүд өөрийн эрх мэдэл, сувернитетээсээ тодорхой хэмжээгээр татгалзаж байж нэгдэн нийлдэг жамтайг Европын холбооны түүхээс харж болох юм. Хагас зууны түүхтэй Европын Холбоо гишүүн улс бүрийнхээ хөгжил, аюулгүй байдлын баталгаа болох хүртлээ ихээхэн бэрхшээл, ээдрээг туулж ирсэн юм. Үндэсний онцлог, тусгаар эрх мэдэл, өөрийн мөнгөн тэмдэгт гэх мэтээсээ татгалзаж байж энэ тив интеграцчлагдаж чадсан. Даяарчлалд нэгдэнэ гэдэг маань мэдээж үндэсний тусгаар тогтнол, уламжлалаас бүрэн татгалзана гэсэн үг биш, хэрэгтэйгээ авч үлдээд, хоцрогдсон заримыг нь хаях буюу “Авах гээхийн ухаан”-аар хандана гэсэн үг. Гэтэл Монголд ийм байж чадахгүй харин ч дэлхийн хөгжлийн замаас улам бүр холдсоор байх юм.

Зууны шуудан. 2007 он.