Хэвлэл мэдээлэл

"Монгол дахь “Савангийн дууриудын” эргэн тойрны асуудал"
Доктор Ц.Мөнхцэцэг
Өдгөө дэлхийд алдартай болсон Америкийн гоо сайхны Procter & Gamble компани 1950-иад онд багахан пүүс байхдаа гэнэн хэрэглэгчдийг татах нэгэн ашигтай арга олжээ. Анх савангаар үйлдвэрлэлээ эхэлсэн уг пүүсийн барааны борлуулалт тун муу, алдагдалтай ажиллаж байсан тул удирдлага мэргэжилтнүүдээс тусламж хүссэний үр дүнд нээлт хийж чадсан байна. Нэгэн киноны продакшнд захиалга өгч олон ангит кино хийлгэн уг киноны дундуур савангаа сурталчилсан нь гайхалтай үр дүнд хүрч бүтэн жилд борлуулж амждаггүй байсан саван нь хоёрхон сард борлогджээ. Мэргэжилтнүүд саван худалдан авдаг гол хүмүүс нь гэрийн ажилтай эмэгтэйчүүд болон гэртээ тогтмол суудаг хөгшид болохыг олж тогтоогоод тэднийг татах гол арга нь цуврал кино юм байна гэдгийг зөвлөсөн байна. Энэ үйл явдлаас хойш үйл явдал нь ихээхэн сунжирсан, олон ангит цуврал кинонуудыг “Савангийн дуурь” гэж нэрлэх болсон юм. “Савангийн дуурь”-ийн үзэгчдийг хийх ажилгүй, цаг нөхцөөх аргаа олж ядсан, аливаа сонин хачинд дурламтгай хүмүүс байдгийг судлаачид тогтоосон байдаг. Эдийн засгийн болон улс төрийн гэх мэт ашиг сонирхол “Савангийн дуурь”-ийг нэвтрүүлэгчдийн ард байдгаас болж улс орнуудын телевизийн хөтөлбөрт тодорхой хэмжээгээр ийм кино багтаж явдаг. Гэхдээ ид эрчээ авч байсан 1980-аад оноос хойш хөгжингүй улс орнуудын телевизүүдэд үзэгчдийн эрх ашгийг хамгаалах байгууллагын санаачлага, шаардлагаар “Савангийн дуурь” байр сууриа алдаж байгаа юм. Гэтэл өнөөдөр манай бүх телевизүүд үндсэндээ “Савангийн дуурь”, тэр дундаа Солонгос киноны “үерт” автаад байна. МҮТВ, UBS, MN-25, TV-9, TV-5 гэсэн нийтийн таван телевизийн 2005 оны 10-р сарын 24-нөөс 30-ныг дуустлах долоо хоногийн хөтөлбөрийг шинжилж үзэхэд эфирийн 77 цаг нь зөвхөн “Савангийн дууриудад” зориулагдаж нийтдээ 10 цуврал кино гарсан байна. Эдгээр киноны гурваас бусад БНСУ-ын 40-өөс дээш ангитай цуврал кинонууд юм. “Савангийн дуурь”-т хамгийн их “автсан телевиз”-ээр өдөр бүр гурван киног тус бүр өглөө, оройд давталттайгаар гаргадаг UBS шалгарч байна. UBS өдөр бүр дунджаар 5.6 цаг, долоо хоногт нийт 38 цагийг цуврал кинонд зориулж байгаа юм. Удаад нь өдөр тутмын эфирийн 4.3 цаг, долоо хоногт нийт 24 цагаа БНСУ-ын олон ангит кинонд зарцуулдаг TV-5 орж байгаа юм. Харин “Савангийн дуурь”-ийн хор уршгийг ухамсарласан уу, үзэгчдээ залхаахаас сэргийлсэн үү, эсвэл олон нийтийн телевиз болохын хувьд нийгмийн өмнө хүлээсэн үүргээ ухамсарласан уу юутай ч МҮТВ долоо хоногт ердөө 5 цагийг цуврал кинонд зориулсан нь олзуурхууштай байна. Америкийн судлаачдын тооцоолсноор “Савангийн дуурь”-ийн ид оргил үе гэгдэж байсан 70-80-аад оны үед NBC, ABC зэрэг арилжааны телевизийн гол сувгууд өдөрт дунджаар 60-90 минутыг цуврал кинонд зориулж байсан байна. Гэтэл Монголын телевизүүд үүнээс хэд дахин их цагийг олон ангит кино үзүүлэхэд зарцуулж байна. Монголын үзэгчид, тэр дундаа сониуч өсвөр үеийнхнийг зурагтын өмнө олон цагаар уясан эдгээр кино ямар үр дүн, үр дагавар авчирч байна вэ? Судлаачийн хувьд сэтгэл эмзэглүүлж буй энэ асуудлаар байр сууриа олонд хүргэх нь зүйтэй гэж үзээд энэхүү нийтлэлийг толилуулж байна. Бизнес, улс төр, соёл урлаг гэх мэт нийгмийн бүх салбарт олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, тэр дундаа телевизийн үзүүлэх нөлөөлөл хүчтэй болсон 1960-аад оноос Өрнөдөд энэ чиглэлийн судалгаанууд эрчимтэй хийгдэх болсон юм. Эдгээр судалгаанууд хүмүүсийн зан үйл, үнэлэмж хандлагад хамгийн хүчтэй нөлөөлөгч хэрэгсэл бол телевиз болохыг илрүүлсэн юм. Америкийн судлаач Ж.Харольд, Р.Бартон нар цуврал судалгаагаараа хүмүүсийн 60% нь телевизээс авсан мэдээллийг үнэн бодитой гэж шууд итгэдэг болохыг тогтоосон юм. Монголд ч гэсэн ялгаагүй иймэрхүү дүн судалгаануудаас харагддаг. Тухайлбал 2004 онд Хэвлэлийн хүрээлэнгээс явуулсан судалгаанаас үзэхэд мэдээлэл авдаг гол эх сурвалж бол телевиз гэж хүмүүсийн 44% нь хариулсан нь хамгийн өндөр үзүүлэлт байгаа бөгөөд үүний дараа 26%-иар өдөр тутмын сонин орж байна. Мөн Глоб интернэншл, Альтернатив төв зэрэг судалгааны байгууллагуудын судалгаагаар сонин, радио гэх мэт мэдээллийн бусад хэрэгслүүдтэй харьцуулахад олон нийтийн зүгээс телевизэд итгэх итгэлцүүр хамгийн өндөр байдаг нь харагддаг. Гэтэл хүмүүсийн итгэн үнэмшдэг, мэдээлэл авдаг гол хэрэгслүүд нь нэвтрүүлгийнхээ үлэмж хэсгийг “Савангийн дуурь”-т зориулж байгаа нь нийгмийн амьдралд зарим байдлаар сөрөг үр дагавартай юм. Энэхүү сөрөг үр дагаврыг зарим талаас нь тодруулан авч үзье. “Савангийн дуурь” ба мөнгө Манай телевизүүдээр олон ангит кино байнга гарах болсон нь юуны өмнө бизнесийн ашиг сонирхолтой шууд холбоотой. Өөрөөр хэлбэл ид “оргил цаг” буюу үзэгчид хамгийн олноор телевизийн өмнө суух үед реклам явуулах нь пүүс, компаниудын бараа бүтээгдэхүүнээ борлуулах гол арга болж байна. Хүмүүс телевиз үздэг оргил цаг нь мэдээний болон киноны цагууд байдаг юм. Монгол улсын Зар сурталчилгааны хуулийн 11.3-д заасны дагуу улс орны болон дэлхий дахины амьдралын цаг үеийн шинжтэй үйл явдлын талаархи тогтмол мэдээллийн дундуур зар сурталчилгаа нэвтрүүлэхийг хориглодог.Мөн үргэлжлэх хугацаа нь 20 минутаас дээшгүй нэвтрүүлгийн дундуур зар сурталчилгаа явуулахыг хориглодог юм. Тийм учраас зар сурталчилгааг киноны дундуур явуулах нь нэг зэрэг олон хүнд хүрэх, бараа бүтээгдэхүүн нь олны сэтгэл санаанд хоногших боломжтой болгодог юм. Нөгөө талаас телевизүүдийн хувьд мөнгө олох гол арга нь зар сурталчилгааг аль болох их нэвтрүүлэх явдал байдаг. Зарим телевизүүд 50 минут үргэлжлэх киноны дундуур гурваас дөрвөн удаа тасалдуулан зар явуулж байна. EAGLE телевиз гэхэд л мэдээний цагаараа хэн нэгэн олны танил хүнийг урьж ярилцлага авдаг уламжлалтай. Гэтэл нэвтрүүлгийн зочин дөнгөж яриагаа эхлэнгүүт л нөгөө зарын цаг нь болж хөтлөгч яриаг нь шууд таслан зараа явуулах нь соёлгүй бүдүүлгийн илрэл гэлтэй. Телевизүүд зах зээлд оршин тогтнохын тулд агуулга, үзэл суртлын нөлөөг үл хэрэгсэн элдвийн хямд үнэтэй кино, ялангуяа олон ангит киног оруулж ирж дундуур нь реклам явуулах боллоо. Олон ангит кинонууд зар сурталчилгаанд ихэд тохиромжтой байдаг. Учир нь үзэгчид тухайн киноны гол баатруудын хувь заяанд санаа зовох, цаашид хэрхэн өрнөх талаарх үйл явдалд автаж анги бүрийг тасралтгүй үзэх эрмэлзэлтэй болно. Улмаар киноны дундуур явж буй зар сурталчилгааг дахин дахин, хүссэн хүсээгүй үзэхээс өөр аргагүй болдог. Гэтэл реклам сурталчилгааны гол зарчим болох олон дахин давтаж, тасралтгүйгээр нэвтрүүлсний хүчинд худал зүйл ч үнэн гэж үнэмшигддэг зүй тогтлын дагуу олон ангит киноны дундуурх рекламууд хүмүүсийн ой ухаанд илүүтэй хадгалагдан үлдэж, худалдан авах эрмэлзэл төрүүлдэг юм. Тухайн бараа бүтээгдэхүүнийг авах эсэх нь худалдан авагчийн сонголт учраас үүнд эмзэглэх зүйлгүй юм шиг. Гэтэл кинон дундуурх эдгээр зар сурталчилгааны нэлээд нь агуулга, хэлбэрийн хувьд хууль бус, далд байдлаар буюу хүмүүсийг төөрөгдүүлэх маягаар хийгдсэн байх нь олонтаа байна. Тухайлбал, чанар, стандарт, эрүүл ахуйн баталгаажуулалтад заавал хамруулах шаардлагатай эрүүл ахуйн болон эмийн бүтээгдэхүүнүүд болох төрөл бүрийн тураах болон эрүүлжүүлэх бэлдмэлийг хэн нэгний үгээр, эсвэл 100%-ийн баталгаатай гэх мэтээр сурталчлах явдал түгээмэл байна. Мөн “Өөрийгөө хүндэлдэг хүмүүс энэ дэлгүүрээр үйлчлүүлээрэй” гэх мэтээр тухайн бараа бүтээгдэхүүнийг худалдан авсан, эсвэл аваагүйгээс бусад хүмүүсээс давуутай буюу дорд байдалд орно гэсэн ойлголтыг төрүүлэхүйц зар сурталчилгаа болон хүмүүсийг дам байдлаар төөрөгдүүлэх үйл ажиллагаа буюу манипуляци юм. Тухайн дэлгүүрээр үйлчлүүлдэггүй юмуу уг барааг аваагүй хүмүүс өөрийгөө хүндэлдэггүй хүмүүс гэж ухуулж байгаагаараа дам байдлаар бусдын нэр төрд халдсан, бодитой бус мэдээлэл болж байгаа юм. Аливаа пүүс компанийн барааны борлуулалт зар сурталчилгаанаас ихээхэн хамаардаг боловч ” Шинэ юмуу чанаргүй бараа үйлчилгээ л зар сурталчилгаагаар явж байдаг, хэрэглэгчдийн таашаалд нийцсэн барааг рекламдсан, рекламдаагүй хүмүүс худалдан авдаг ” гэсэн зарчмыг энд дурьдах нь зүйтэй болов уу. Өөрөөр хэлбэл байнга зар сурталчилгаагаар гараад байгаа бүтээгдэхүүнээс хэрэглэгчид болгоомжилж байх нь зүйтэй юм. Телевизүүд эфиртээ дамжуулж буй зар сурталчилгаанд ямар нэг шүүлт тавьдаггүй, мөнгөн ашгаа л илүүд тавьдгаас цуврал киноны үйл явдалд автсан үзэгчид маань кино үзэх зуураа хэн нэгэн компанийн бараа бүтээгдэхүүний ”довтолгоонд” өртөж хяналтгүй зар сурталчилгааны өгөөш болж байна. “Савангийн дуурь” телевизүүдийн нэвтрүүлэгт зонхилох болсны өөр нэгэн шалтгаан нь тэдгээрийн боловсон хүчний нөөцтэй хамааралтай байж болох юм. Манай ихэнх телевизүүд шинэ залуу, хөл дээрээ босч чадаагүй, үзэгчдийг татсан чансаатай нэвтрүүлэг хийх сайн сэтгүүлч, мэргэжилтэн цөөтэй учраас олон ангит киногоор ”нүүрээ тахлах ” нь элбэг болжээ. Телевизүүд маань бодитой мэдээлэл дамжуулах, төр засгийн үйл ажиллагаанд хяналт тавих гэсэн нийгмийн үүрэг болон ашиг олох гэсэн хувийн сонирхлын хооронд сонголт хийхэд ёс зүй болон ур чадвар дутагдаж гол төлөв хувийн сонирхлоо түлхүүд тавьж байгаа бололтой. Нөгөө талаас арилжааны дээрх телевизүүдэд үзэгчдийн хүсэн хүлээдэг, “бренд“ болсон нэвтрүүлэг бараг байдаггүй учраас үзэгчдэд мэдээ ба киноноос өөр сонирхох зүйл нэг өдрийн хөтөлбөрт нь байдаггүй юм. Үзэгчдийг хөгжөөх, цэнгээнт хөтөлбөрүүдээ ч гэсэн өөрсдөө хийхгүй хошин шогийн хамтлагуудаар тоглолт хийлгэн тэдэнд эфирийн цаг өгснийхөө төлөө хөөрхөн “мөнгө саачихна.“ Нөгөөдүүл нь ч гэсэн телевизээс худалдаж авсан хагас цаг хүрэхгүй нэвтрүүлэг дундуураа хэд хэдэн удаа сурталчилгаа явуулж сүйхээтэй загнана. Ерөөс манай телевизүүдийн хөтөлбөр бие биенээс ялгарах юмгүй “залхтал зарласан“ рекламуудын завсар чөлөөгөөр хэдэн сэтгүүлчдийнхээ төрийн ихэмсэг түшээдийн амнаас эрийн сайнд, танил тал, нүүрний буянгаар олж авсан цагаан мэдээ юмуу сураг, таамгаар олж ирсэн, “баттай эх сурвалжаас “ авсан гэх тодотголтой алаг цоог мэдээг сонссон болоод Солонгос кино залгадаг боллоо. “Савангийн дуурь” ба соёл, үнэлэмж Бидний амьдран буй энэ цаг үеийн гол үйл явц болох глобальчлалын нөхцөлд үндэстнүүдийн соёл өөр хоорондоо уусан нийтлэг нэг соёлд шилжинэ гэсэн түгээмэл зүй тогтлыг судлаачид ярьдаг. Гэхдээ соёлын энэхүү интеграци үлгэр шиг сайхнаар явагдаж бүгд амар сайхан жаргахгүй, хүчтэй буюу илүү өндөр хөгжсөн соёл нь бага буурайгаа уусган нэгдүүлнэ гэдэгтэй олон судлаач санал нэгтэй байдаг. Хэдийгээр хүн төрөлхтөн Холливудын кино үзэж, Coca Cola ууж, Hip Hop дуу сонсож Өрнөдийн буюу Америк соёлд нийтээр автаж байгаа хэдий ч хөгжлийн ялгаанаас хамааран зарим бүс нутгийн хувьд зонхилох нөлөө бүхий улсын соёл бусад руугаа халдан тархаж байна. Тухайлбал, он удаан жилийн турш Дорнын гол нүүр царай болж ирсэн Күнзийн соёл нь Хятад, Солонгос, Япон зэрэг улсаар дамжин Монголд хүчтэй түрэн орж ирж байгаа юм. Ах захын ёс, нийгэм дэх зэрэг зиндааны эрс ялгаа, зарим үед ардчилсан бус гэж тооцмоор захиргаадалт, дэг жаяг нь Күнзийн соёлын гол үнэт зүйлс юм. Мөн олон зууны турш хаалттай, “бүрэг “ гэгдэж байсан энэ соёл Өрнийн нөлөөгөөр задрахдаа зарим талаар илүү либераль, бүр анархи маягийн шинжүүдийг олсон бөгөөд тэр хэвээрээ Монголд нэвтэрч эхэллээ. Ялангуяа Япон, Солонгосын адал явдалт, аймшгийн ба эротик маягийн кинонууд бодит байдлыг уран сайхны аргаар дүрслэх гэхээсээ илүүтэй хэтрүүлэг, хүчирхийлэл, садар самууныг хэт ил тод үзүүлдгээрээ Холливудын кинонуудаас нэгэнт хол даваад байгааг мэргэжилтнүүд ажигласан байдаг. Киноны зүгээс хүмүүсийн санаа бодол, өсвөр үеийнхний зан үйлд нөлөөлөх сөрөг нөлөөнөөс сэргийлэх үүднээс ёс суртахууны болон бусад олон цензурыг давж, “эгзэгтэй“ хэсгүүд нь монтажлагдаж байж Америк кинонууд үзэгчдэдээ хүрдэг бол Солонгос, Японд иймэрхүү зохицуулалт бараг байдаггүй. Тийм ч учраас сүүлийн жилүүдэд дэлхийн порно болон аймшгийн киноны зах зээл дээр энэ хоёр улсын кинонууд давамгайлах болсон байна. Манайд гарч байгаа кинонууд мөн л иймэрхүү өнгө аястай, ямар нэг цензургүйгээр хүмүүст хүрч байна. Тийм учраас эдгээр кино хүмүүст хэр нөлөөлж байна вэ гэдэг нь судлаачдын анхаарлыг зүй ёсоор татаж байгаа юм. Байр суурь, үнэлэмж нь төлөвшиж амжаагүй байгаа өсвөр үеийнхэн хэвлэл мэдээллийн хэрэгслийн нөлөөнд илүүтэй автдагийг Өрнөдөд хийсэн цуврал судалгаанууд харуулж байна. АНУ-ын телевизүүд мөнгө олох гол зорилготой байсан 1950-1970-аад оны үед телевизийн кинонууд дахь хүчирхийлэл, сексийн үйлдлүүд нь өсвөр үеийнхний зан үйл болон гэмт хэргийн гаралтанд ихээхэн нөлөөлжээ. Тухайлбал, судлаач Л.Эрон, Р. Хейсман нарын 1974,1980, онуудад наймаас 13 насны 875 хүүхдийг хамруулан явуулсан цуврал судалгаагаар хүчирхийлэл бүхий кино үзэх явдал нь хүүхдүүдийн аливаа маргаантай асуудлыг хүч хэрэглэх замаар шийдэх эрмэлзлийг нэмэгдүүлдэг, түрэмгий зан авиртай болгодог нь тогтоогдсон юм. Мөн Р.Парке, Ж.Крис нар 1997-1999 онуудад АНУ, Бельгийн хүүхдүүдийн зан үйлд телевизийн зүгээс үзүүлэх нөлөөллийг харьцуулан судалсан юм. Тэдний судалгаагаар хүүхдүүд тоглоом, хувцасны загвар зэрэг материаллаг хэрэгцээний зүйлсийг телевизээс олж авахын зэрэгцээ сайн ба муу, шударга ба шударга бус зүйл зэрэг ёс суртахууны шинжтэй үнэт зүйлс, мөрөөдөл, ертөнцийг үзэх үзлийг мөн олж авдаг болох нь харагдсан юм. Супермэн, Рейнжэр зэрэг хүч чадал ихтэй баатруудын тухай кино нь хөвгүүдийн хувьд даган дуурайх гол шүтээн нь болдог нь оюун ухаанаас илүү бие махбодийн хүч, физиологийн шинж чанарыг илүүд үзэх, улмаар оюун ухаан зарцуулах зүйлд төдий л анхаарал тавихгүй байхад хүргэдэг гэж дээрх судлаачид дүгнэсэн байдаг. Тэгвэл Монголын телевизүүдийг “байлдан дагуулж буй“ олон ангит кинонууд өсвөр үеийнхэнд ямаршуу нөлөө үзүүлж байна вэ гэсэн асуудал урган гарч байна. Солонгосын цуврал кинонуудын хувьд бол гол үйл явдал, гол баатрын хувь заяа нь гарал угсаа, хөрөнгө мөнгө, баян хоосон, танил тал, авилга, мафиас шууд хамаарч өс хонзон, атаархал, тэмцэл, ээдрээгээр дүүрэн байдаг. Киноноос залуу үе маань гол баатрын цөхрөлтгүй оролдлого, тэсвэр тэвчээр, сайхан сэтгэл зэрэг дэвшилтэт зүйлийг олж авах сайн талтай байж болох юм. Гэвч хүмүүс аливаа зүйлийн сөрөг талыг илүү анзаардаг, этгээд гаж, өвөрмөц зан авирыг даган дуурайдгийг олон нийтийн зан үйлийн цуврал судалгааны дүнгүүд харуулдгийг энд дурьдах нь зүйтэй юм. Солонгос кинон дахь үйл явдлууд нь “Мөнгө байхад бүхнийг авах боломжтой“ гэсэн үзлийг өсвөр үеийнхэнд төлөвшүүлж байгаагийн зэрэгцээ авилгал, хээл хахууль нь аль ч улсад байдаг энгийн зүйл гэсэн ойлголтыг суулгаж нийгмийн энэ гаж үзэгдэлд багаас нь дасал болгож байна. Тухайлбал, мөнгөний төлөө биеэ үнэлэх явдал гудамжны биеэ үнэлэгчдийн хүрээнээс халин гарч боловсролтой залуу үеийнхэн татагдах болсон нь сонингуудын “Танилцъя“ булан дээрх “Санхүүгийн дэмжлэг үзүүлэх хүнтэй танилцана“ гэсэн үй олон заруудаас харагдах болов. Энэ бол яах аргагүй биеэ үнэлж буй явдал бөгөөд үүнд эрэгтэй, эмэгтэй ялгалгүй өөрсдийгөө оюутан гэж танилцуулсан 17-25 насны залуучууд гол төлөв хамрагдаж байна. Мөн Солонгос маягийн амьдралын хэв маягт татагдах явдал газар авахад цуврал кинонууд нь тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа гэхэд хилсдэхгүй. Сүүлийн үед гадаад хүнтэй, тэр дундаа солонгос хүнтэй гэр бүл болсон хүмүүсийн тоо ихээхэн нэмэгдэж байгаагийн зэрэгцээ сонингуудын “Танилцъя“ булангийн ихээхэн хэсгийг гадаад хүнтэй гэр бүл болоход зуучилна гэсэн зар эзлэх боллоо. “Савангийн дуурь”-ийн өөр нэгэн сөрөг нөлөө бол хүүхдүүдийг телевизийн өмнө олон цагаар суулгах, хичээл номдоо цаг гаргах, өөрийгөө хөгжүүлэх бололцоог багасгахад хүргэж буй явдал. Хичээл номоо бодохын оронд киноны баатар маань яах бол, хэн нь дийлэх бол хэмээн киногоор “өвчлөх нь“ сурагч, оюутнуудын түгээмэл дүр зураг болж байна. “Савангийн дуурь” газар авах, хүмүүс ихээхэн татагдах явдал нь нийгмийн хямрал газар авсан, олонхийн оюун санааны үнэт зүйл уналтанд орсонтой холбоотой байж болох юм. Өдөр тутмын амьдрал дахь бэрхшээл, стрессээ тайлах өөр сонголт ховор учраас олон нийт цуврал кино үзэж байна. Нөгөө талаас телевизийн дэлгэцнээ өөр үзэх нэвтрүүлэг байхгүй, арилжааны телевизүүд үзэгчдэд зөвхөн “Савангийн дуурь”-ийг л тулгаж байгаагаас хүссэн хүсээгүй үзэж байгаа юм. Эцэст нь хэн нэгний мөнгө олох гэсэн сонирхлоос болж “хэлмэгдэж“ буй үзэгчдээ бодож, олны санаа бодлыг хөгжил дэвшил рүү хөтлөх үүргээ ухамсарлан ажиллахыг телевизүүдад уриалмаар байна.
2005. 10 сар