Thursday, April 8, 2010

Дахиад л төрийн эргэлт


Киргизэд сүүлийн хоёр хоногт болж буй үйл явдлаас Төв Азийн (уг нь бол бид энэ бүс нутгийг Дундад Ази гэж нэршсэн хэдий ч барууныхан Central Asia буюу Төв Ази гэдэг)энэхүү жижиг улсад Зөвлөлтийн дэглэм хэчнээн гүнзгий ул мөр үлдээснийг бэлхнээ харж болох нь. Ердөө 5 жилийн өмнө дарангуйлагч хэмээн нэрлэгдсэн энэ бүс нутгийн бусад улс орнууддаа гайхагдахуйц үлгэр үзүүлэн авилгал, цусан төрлийн холбоонд идэгдсэн ерөнхийлөгч А.Акаевын засаглалыг түлхэн унагаасан "Алтан зул цэцгийн хувьсгал"-ын удирдагчид яаж засгийн эрхэнд гарсан яг л тэр замаараа унах гэж байна. Хэдийгээр ерөнхийлөгч К.Бакиев огцрохгүй гэж мэдэгдсэн ч аль хэдийнэ ордон өргөөгөө орхин зугтжээ. Гүрж, Украин гээд л Өнгөт хувьсгалын удирдагчдыг ээлж дараалан хамарч буй энэхүү "дайрлага" Киргизийг мөн л тойрсонгүй.

Хамгийн эмгэнэлтэй нь засгийн газрыг түлхэн унагаж түр засгийн газрыг байгуулан толгойлж буй Роза Отанбаева нь өмнө нь ийм замаар түлхэн унагаагдсан Акаевын гадаад хэргийн сайд байсанд оршиж байна.

Уг нь бол К.Бакиевын дэглэм А.Акаевыг бодоход илүү эрүүл саруул тогтолцоог бүрдүүлэх гэж үзсэн юм. Сонгуулийн тогтолцооны хамгийн муйхар буюу дарангуйллыг өөгшүүлэгч хувилбар болох томсгосон мандаттай мажоритарыг халж пропорциональ болгосон, ерөнхийлөгчийн эрх мэдлийг багасгасан, сөрөг хүчний намуудад үйл ажиллагаа явуулах боломжийг илүү сайжруулсан гээд л... Гэвч хамгийн төвөгтэй нь буюу 5-хан жилд ард түмний орлогыг нэмэгдүүлэх тал дээр үнэндээ юм хийж чадаагүй юм. Киргизэд ажлын шугамаар хэдэнтэй очсоны хувьд энэ улсын эдийн засаг, ард түмний амьдрал Монголоос маань даруй 10 жилээр хоцрогдсоныг мэдэх билээ.

Төв Ази дахь ардчиллын ганц найдвар гэж барууныхны тооцож нэлээдгүй анхаарал тавьж буй Киргизийн энэ удаагийн бослого хөдөлгөөн "Ардчилсан шилжилт энэ бүс нутагт амжилт олох мөн өдий байна даа" гэж хэн хүнгүй харуусахад хүргэж байна. Киргиз Монголын хооронд олон адил төс бий. Нүүдлийн соёл иргэншилтэй, Зөвлөлтийн дэглэмд 70 жил байсан, байгалийн баялаг арвинтай хүн амын тоо цөөн, угсаа гарлын хувьд түрэг хэдий ч хэл, царай зүс, угсаатны хувьд ижил зүйл их,бүр "Монгол" хэмээх овог байдаг гээд л... Тийм учраас барууны болон манай зарим судлаачид Киргиз, Монголын харьцуулсан судалгаа нэлээд хийх болсон.

Гагцхүү шашин ондоо. Мөн улс төрийн үйл явц, иргэдийн жагсаал цуглаан нь Монголтой харьцуулахад илүү хурц, мөргөлдөөнд хүрдэг, цус ургасан явдал удаа дараа гарч байгаа. 75 хүний амь нас үрэгдэж хэдэн зуун хүн шархдаж, олон арван дэлгүүр хоршоо, банк тоногдож буй энэ үйл явцын цаад эзэн, сценари нь харин хэн бол?

1 comment:

  1. Hehe manaid bas tostoi zuil bolood baigaa bus uu? Rosa Otanbaeva ni unasan humuus ergej unagaasan baina. Talbai deer chin Enkhbayar, tuunii shadar Enkhsaihan nariin gar hol sanhuujilteer hodolgoon hiigdeed baigaa bus uu? Harin manaihan Kirgizees ert ardchilsan hodolgoonoo hiigeed uzdeg uzchihsen uchraas odoo baga demjij baij magadgui um. yu genem?

    ReplyDelete