Friday, April 9, 2010

МАХН-ын урмыг нь бодьё, АН яахав нэгэнт өнгөрч

Саяхан МАХН-аас "Эрдэмтдээ сонсоё" хэмээх хэлэлцүүлгийн урилга ирлээ. Өмнөхөн нь улс төр судлаачдын дугуй ширээний ярилцлагад бидний хэдэн нөхдийг мөн урьсан боловч очоогүй юм. (Ер нь МАХН-ын эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэгт урьд өмнө хэдэнтэй очиж байсан болохоор ямархуу юм болдгийг гадарладгийн хувьд)
Дугуй ширээний ярилцлагад нь очоогүй тул энэ удаа бид хэд ямар ч байсан очихоор шийдсэн юм. Энэ хэлэлцүүлэг нь МАХН-ын "Нийгмийн ардчилал" аяны хүрээнд явуулж буй эрдэмтэн судлаачдын байр суурийг сонсох нээлттэй хэлэлцүүлэг гэж ойлгоод орсон билээ. Хэлэлцүүлэгт манай салбар бүрийн эрдэмтэд, хүрээлэнгийн захирлууд гээд л доктор юмуу түүнээс дээш зэрэгтэй мундгууд хүрэлцэн ирсэн байлаа. Хэлэлцүүлгийн индэрт МАХН-ын нарийн бичгийн дарга Сүхбаатар, ШУА-ын дэд ерөнхийлөгч гээд дарга нар заларсан байв. "Монголын төрийн засаглалын шинэчлэлийн талаар эрдэмтэн судлаачид та бүхний санаа бодлыг сонсож улмаар төрийн бодлогод тусгах зорилгоор энэ удаагийн хэлэлцүүлгийг явуулж байна, та бүхэн саналаа чөлөөтэй илэрхийлнэ үү. Эрдэмтэд та бүхний үнэтэй зөвлөгөө бидэнд их хэрэгтэй байна..." гээд л жижүүрийн хэдэн үгтэйгээр эхэлсэн билээ. Бид ч яахав томчуудын дэргэд үг дуугараад яахав, хүмүүсийн байр суурийг сонсоё гэсэн бодолтой сууж байв.

Тэгээд хэлэлцүүлэг эхэллээ. Уг нь саналаа хэлэх хүмүүс гараа өргөөд хурлын даргад бүртгүүлээрэй гэж эхэнд зарласан боловч тэр нь худлаа байжээ. Сүхбаатар дарга хэн хэн үгээ хэлэхийг нэр дуудаад байх юм. УИХ-ын гишүүн асан Алтай, ШУА-ийн түүхийн хүрээлэнгийн захирал асан Дашдаваа, ШУА-ийн судлаач, доктор Чулуунжав гээд л нэр дуудсан хүмүүс л үгээ хэлэх аж. Үг хэлж байгаа эрдэмтэд "Манай нам..." гэж эхлээд л сүр жавхлантайгаар үргэлжлүүлэх юм. Бид учраа олохоо болив. Намын хуралд ирсэн юмуу эрдэмтдийн хэлэлцүүлэг юмуу? Байдлыг нэлээд ажиглаж жаахан суугаад гарлаа.

Энэ хэлэлцүүлэг бол социализмын үеийн баярын хурал шиг урьдаас найруулсан, хэн үг хэлэх, юу хэлэх нь тодорхой жүжиг байлаа. Тэнд хараат бус судлаачид хэрэггүй байв. Гэхдээ ямар ч байсан хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр МАХН эрдэмтдээ сонсдог юм байна, оюун ухаан мэдлэгийг үнэлдэг юм байна гэсэн мэдээлэл гарна. Ард түмэнд хүрнэ. "Оргүйгээс ортой" гэдэг шиг АН-тай харьцуулахад бол болжийнаа. Монголд эрдэмтэн судлаачид бий гэдгийг АН шиг ор тас мартсангүй. Ямар ч байсан худлаа үнэн эрдэмтдийн хэлэлцүүлэг, улс төр судлаачдын дугуй ширээний ярилцлага хийгээд байна. Урмыг нь бодох нь зөв. Мөн энэ жил МАХН намаа шинэчлэх стратегийг эрдэмтэн судлаачдыг оролцуулан шинээр боловсруулж нэлээд том хөтөлбөр боловсруулсан юм. Энэ ажилд нам судлал, менежментийн ухаанаар мэргэшсэн залуу судлаачид, эрдэмтэд оролцсон байна.

Харин АН яаж байна? Анх 90 онд ямар гараанаас гарсан, тэр байрандаа л байх шиг. Бараг зарим талаараа ухарсан байх. Тэр үед АН болон СДН-ын бодлого, мөрийн хөтөлбөрийг боловсруулахад эрдэмтэн судлаачид нэлээдгүй оролцож их мундаг зүйл хийсэн байдаг. МСДН-ын анхны програмыг аваад үзэхэд л цэвэр ардчилсан социализмын үзэл баримтлал, нийгэм эдийн засгийн бодлогод суурилсан том баримт бичиг болсон. Тэр хөтөлбөр хэрэв байдаг бол МАХН-д (МСДН-ын араас ардчилсан социализмд орж ирсэн боловч өдийг хүртэл үзэл баримтлал, үнэт зүйлээ төдийлөн ялгаж ухаарахгүй байгаагийн хувьд) одоо ч гэсэн санаа авмаар юм их бий. Гэтэл бодлогын өндөр түвшин бүхий МСДН гудамжны партизанууд болох АН-тай нэгдээд "замаа алдаж" гүйцлээ. АН хэзээ ч шинжлэх ухааныг ойшоож байсангүй. АН-ын дэргэд судалгааны төв, намын удирдлагад зөвлөдөг эрдэмтэн судлаачид алга. Гэтэл худлаа үнэн ч гэсэн МАХН дэргэдээ Прогноз хэмээх судалгааны төвтэй, том номын сантай, даргад нь зөвлөдөг эрдэмтэдтэй.

20 жил оршин тогтнож нэг удаа засгийн эрхийг дангаараа барьж, нэг удаа засгийн эрхийг хамтран барилцаж анх удаа ерөнхийлөгч төрүүлэхдээ юунд тулгуурлаж өдий зэрэгт хүрсэнээ АН нэг удаа ч болов эргэцүүлж бодоосой. АН-ын энэ амжилт бол ходоод хоосон ч ардчиллаас нүүр буруулаагүй ард түмний дэмжлэг, тэр дундаа хотын сонгогчдын итгэл, үүн дээр нэмэгдээд "Хонхны дуу"-тай холбоотой. Монголын ардчиллыг "Хонхны дуу"-гүйгээр, АН-ыг "Хонхны дуу"-гүйгээр төсөөлөх боломжгүй билээ.
(МАХН-ын сонгуулийн сурталчилгааны нэг сул тал нь "Хонхны дуу"-шиг сүлд дуугүйтэй холбоотой.) Тэрнээс биш мундаг бодлого, хөтөлбөртэй, дарга лидерүүдтэйдээ энэ нам өдий хүрээгүй билээ. Харин одоо 20 жил өнгөрчээ. Анх яаж орж ирсэн, тэр үе шигээ явж, "Хонхны дуу"-аараа сонгогчдыг татсаар байх боломж хумигдаж байна. 1990 оны ардчиллын үед нялх байсан эсвэл тэр үед огт байгаагүй шинэ сонгогчид улс төрд түрэн орж ирж байна. "Хонхны дуу" бидэнд сонсогддог шиг 30-аас доош насныханд сонсогдоно гэж байхгүй. Ардчилсан хувьсгалын үед 10-хан настай байсан хүүхдүүд өнөөгийн нийгэм улс төрийн нэгэн шинэ үе болон орж ирж байна. Цаашид ч 1990 оны өлсгөлөн, хүйтэн жавар сэнгэсэн өвлийн жагсаал цуглаан, дарангуйллыг түлхэн унагасан тэр том хувьсгалыг мэдэхгүй шинэ үеийнхэн улам нэмэгдэх болно. Ийм байхад партизан маягийн нам, түүний бодлого хөтөлбөрөө өөрчлөхгүйгээр, шинжлэх ухаанд тулгуурласан юм хийхгүйгээр АН хол явахгүй нь. Насгүй боллоо. Ядаж худлаа үнэн ч гэсэн МАХН шиг л бай л даа. АН-ын PR-ыг хэн хийж байна гэхээр Оюутны холбоогоор дамжиж маргаан мэтгэлцээн гэж гүйсэн уран илтгэгч, нэвтрүүлэг хөтлөгч гэх мэтийн боловсрол багатай нөхдүүд л байх юм. Улс төрд уран цэцэн үгтэй байхад л хол явна гэж ойлгочихсон гаруудаар АН олон нийтэд сурталчилгаа хийлгээд байх юм даа.

No comments:

Post a Comment